ГЭДЭС ДҮҮРЭХ ШАЛТГААН

Танд гэдэс дүүрэх зовиур илэрдэг үү? Юунаас болоод ямар шалтгаанаар дүүрдэг болохыг та энэ удаагийн мэдээллээс мэдэж аваарай 😉

СОРУУЛААР УУХ

Соруулаар уух, бохь зажлах, хатуу чихэр хүлхэх гэх мэт үйлдлүүд нь хий залгилтыг нэмэгдүүлж гэдэс дүүрэх нэг шалтгаалсан болдог. Зарим хүмүүс сэтгэл түгшсэн үедээ их хэмжээний агаарыг залгих хандлагатай байдаг. Ийм тохиолдолд стрессээс ангижрахад туслах амьсгалын дасгал болон булчин суллах дасгал нь илүүдэл хий, гэдэс дүүрэлтийг багасгахад тусалдаг талтай.

ХЭТ ИХ ИДЭХ

Бидний ходоод атгасан гарын хэмжээтэй тэнцэхүйц жижиг байдаг. Ходоод нь сунах чадвартай бөгөөд хэт их идсэн ходоод сунаж гэдэс дүүрсэн мэдрэмж төрдөг. Энэ нь ялангуяа нүүрстөрөгч, давстай болон түргэн хоолууд идсэний дараа тохиолддог. Үүнээс зайлсхийх нэг арга бол өөртөө хязгаар тогтоох, цадсан мэдрэмж төртөл идэхгүй байх юм.

ХИЙЖҮҮЛСЭН УНДАА

Хийжүүлсэн ундаа, шар айраг, оргилуун дарс зэрэг ундаан дахь бөмбөлөгүүд нь дотроо хийг агуулсан байдаг. Тэдгээрийг уух үед бидний хоол боловсруулах зам тэр чигтээ хийгээр дүүрдэг. Зарим нь хэхрэх үед гадагшлах ч зарим нь нарийн, бүдүүн гэдсэнд хүрч очин хөнгөн, хүндээр бие засах хүртэл тэндээ хадгалагддаг. Мөн ихэнхи хийжүүлсэн ундаа нь чихрийн агууламж ихтэй байдаг нь биед ус хуримтлуулснаар гэдэс дүүрсэн мэдрэмжийг бий болгодог.

ХЭТ ХУРДАН ХООЛОО ИДЭХ

Хурдан идэх тусам агаар их залгигддаг. Энэ үед хийжүүлсэн ундаатай адил хий нэгэнт нарийн, бүдүүн гэдсэнд хүрч очсон бол таныг бие засах хүртэл тэндээ хадгалагддаг. Ходоод одоо боллоо гэж тархинд хэлтэл 20 минут хугацаа болдог учир тархи тэрхүү мессежийг хүлээн авах энэ хугацаанд бид гэдсээ дүүртлээ, эвгүй мэдрэмжийг авах хүртэл идэж амждаг гэсэн үг юм. Тэгэхээр аль болох удаан идэж, хоолоо сайн зажилж, идэж буй хоолоосоо таашаал авч идэх ёстой ажээ.

СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮН

Хэрэв таны бие лактоз буюу сүү, сүүн бүтээгдэхүүнд байх чихрийг амархан боловсруулж чадахгүй бол гэдэс хийгээр дүүрэх, гэдэс өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Энэ нь тийм ч ноцтой асуудал биш боловч хэрэв сүүн бүтээгдэхүүнтэй холбоотой эдгээр зовиурууд байнга илэрдэг бол аль болох татгалзах нь зүйтэй юм.

ӨӨХ ТОС

Бидний бие махбодод эсийн хана, мэдрэлийн эд(тархи) болон дааврыг бий болгоход өөх тос хэрэгцээтэй байдаг. Гэвч хэт их өөх тосын хэрэглээ нь задрахгүй уддаг илүүдэл өөхжилтийг үүсгэх бөгөөд жин нэмэгдүүлэх сөрөг талтай. Жин нэмэх нь мөн гэдэс дүүрсэн мэт мэдрэмжийг өгдөг байна.

САРЫН ТЭМДЭГ

Энэ байдлыг өөрөөр сарын тэмдгийн өмнөх хямрал гэж мөн нэрлэдэг. Сарын тэмдэг ирэхээс 7 хоногийн өмнөөс зарим эмэгтэйчүүдэл ядрах, өвдөх болон сэтгэл санаа тогтворгүй болох зовиурууд илэрдэг. Мөн энэ үед биед ус хуримтлагддаг бөгөөд энэ нь гэдэс дүүрэх мэдрэмжийг өгдөг байна. Шалтгаан нь тодорхой бус ч даавар гол нөлөө үзүүлдэг гэж үздэг байна.

Эх сурвалж: http://www.webmd.com

Сэтгэгдэл бичих